Английн хатан хаан Элизабет I дөнгөж төрсөн мөчөөсөө л азгүйтэл, бэрхшээлийн өлгийд өлгийдөгдсөн юм. Түүний эцэг наймдугаар Хенри, Элизабетийн ээж Энн Боелинтэй хууль ёсны дагуу гэрлэхийн тулд улсынхаа түүхэн замналыг өөрчлөхөд хүрч байжээ. Наймдугаар Хенригийн анхны хууль ёсны эхнэр хатан хаан Катерина Арагон хүү төрүүлж чадаагүй учраас Энн Боелинийг эрүүл энх, угсаа залгамжлах хүү төрүүлнэ гэж маш их найдвар тавьж байсан юм. 1533 онд Грийвич Ордонд хатан хаан Энн Боел амаржиж охин төрүүлэн Элизабет хэмээн нэрлэжээ. Сүүлээр хатан хаан Энн дахин бие давхар болж хүү төрүүлэхийг маш их эрмэлзэж байсан ч харамсалтай нь үр зулбасан юм. Яг тэр үеэр Английн хаан наймдугаар Хенри, Энн-ээс аль хэдийн уйдаж залуухан бүсгүйтэй зугаацаж эхлэсэн бөгөөд Энн Боеленийг унагах арга хэмжээг авч эхлэсэн байна. Ихэнх түүхчид Эннийг гэр бүлийн гадуур завхайрсан гэж буруутгасан нь гүтгэлэг байсан гэдэгийг нотолдог билээ. Тийнхүү 1536 онд Элизабетийг дөнгөж гурван нас хүрэхээс өмнө ээжийг нь цаазаар авчээ.
Henry VIII, Anne Boleyn
Elizabeth I
Элизабет, Энн Боелинийг санагдуулдаг учраас эцэг нь түүнийг хааны ордонд байлгахаас татгалзаж байсан байна. Наймдугаар Хенри, Жэйн Сеймор гэгч залуухан бүсгүйтэй дахин гэрлэж, түүнээс хүүтэй болохыг найдаж байсан хүсэл нь талаар болсонгүй Жэйн, Эдвардыг (зуравдугаар Эдвард) төрүүлжээ. Гэвч залуухан Жэйн хүүгээ төрүүлмэгцээ амьсгал хураажээ.
Үүнээс хойш Наймдугаар Хенри дахин гурван удаа гэрлэсэн байна. Түүний хамгийн сүүлийн эхнэр нь Катерина Парр байсан юм. Катерина таалал төгссөн хатан Жэйн Сэйморын ах Томас Сеймортой гэрлэх гэж байсан ч харамсалтай нь хааны нүдэнд өртжээ.
Катерин Элизабет болон Элизабетийн эгч наймдугаар Хенригийн анхны эхнэрийн охин Мери нарыг ордонд буцаан авчирсан бөгөөд наймдугаар Хенриг нас барсаны дараа тэрээр бэлэвсэн хатан хаан болж гэр бүлийнхэнтэйгээ ордоноос гарахад хүрчээ. Учир нь балчир хаан зуравдугаар Эдвардын нагац ах Эдвард Сэймор Английн хааны хамгаалагч болсон юм. Элизабет бэлэвсэн хатан хаан Катеринтай хамт амьдарч байсан боловч Катеринтай гэрлэсэн захирагч адмирал Томас Сэймортой нэр холбогдон дахин хамт амьдрах аргагүйд хүрчээ. Түүхэндээ Томас Сэймор болон Элизабетийн хооронд юу болсон нь тодорхойгүй байдаг боловч тухайн үед гарч байсан цуу яриагаар Томас болон Элизабет нарыг үнсэлцэж байхыг Катерина харсан гэгддэг юм. Яг тухайн үед Катерина бие давхар байсан бөгөөд энэхүү хэрэг явдлын дараахан амаржиж охин төрүүлсэн боловч тун удалгүй мөн залуугаараа хорвоог орхижээ. Ийнхүү Томас Сэймор боломжит гоонь эр болж хоцорсон юм.
Наймдугаар Хенригийн охин учраас Элизабет хаан ширээг залгамжлах боломжит хүмүүсийн нэг байсан төдийгүй наймдугаар Хенри түүнийг хаан ширээ залгамжлуулахыг хамгийн ихээр хүсдэг байжээ. Тийм ч учраас тухайн үед Элизабеттэй сүй тавихыг хүссэн язгууртан, дээд угсааны ноёд их байсан юм. Зуравдугаар Эдвардын хаан ширээний үед Томас Сэйвор Элизабетэд гэрлэх санал тавьсан ч татгалзсан хариу хүлээн авчээ. Уг хэрэг явдалаас хойш Томас болон Элизабет нарыг хааны эсрэг хуйвалдаан зохиосон гэж буруутгаж Элизабетийг шүүсэн ч түүнийг яллаагүй ажээ. Харин Томас Сэймор залуу хааныг хулгайлах оролдлого хийсэний дараа цаазаар авхуулжээ.
Харин залуу Эдвард тухайн үед сүрье өвчинөөр өвдөж уушигны хүнд гэмтэл авсан нь оношлогдоод байсан бөгөөд удалгүй энэхүү архаг өвчин нь үхлийн ч аюулд хүргэж болзошгүй болж ирэх үед хаан ширээний төлөөх хуйвалдаан гарч эхлэсэн юм. Залуу хааныг хүнд өвчтэй байх үед наймдугаар Хенригийн охин дүү Меригийн охин, мөн хан ширээний угсаа залгамжлагчдын нэг Жэйн Грэй, Гуйлфорд Дудлейтэй гэрлэжээ. Зуравдугаар Эдвард 1553 онд нас барж Жэйн Грэйнийг түүний аав Хенри Грэй болон хадам аав Жон Дудлей нар хатан хаанаар өргөмжилсөн байна. Харин наймдугаар Хенригийн том охин Мэрид хууль ёсны хаан ширээг нь залгамжлуулахыг дэмжигчид олон байсан бөгөөд Жэйнийг хатан хаанаар өргөмжилсөнөөс найм хоногийн дараа Мэри дүү Элизабеттэйгээ Лондонд ирж харин Жэйн Грэй нөхөртөйгээ шоронд хоригджээ.
Английн хатан хаан болмогцоо Мэри Испанийн хунтайж Филиптэй гэрлэж Католик хатан хаан болсон юм. Ийнхүү шахалтанд орсон Протестанчууд аврагч болсон Элизабетэд анхаарлаа хандуулж эхлэсэн байна. Учир нь түүний ээж Анна Боелинтой гэрлэхийн тулд эцэг наймдугаар Хенри нь Ромын тогтоосон дүрмийг зөрчиж үүний улмаас Элизабетийн эсрэг олон бослого тэмцэл өрнөж байсан түүхтэй. Өөрт нь аюул нүүрлээд байгааг мэдсэн хатан хаан Мэри, Элизабетийг цамхагт хорьж эхлэсэн байна.
Мэри бие давхар болсоноор Элизабетийг суллаж Хатвиелд руу нь буцаасан ч гэрийн хорионд байлгаж байжээ. Тухайн үед Мэри Тудор 40 нас хүрч байсан бөгөөд жирэмсэн гэж харагддаг болсон ч хүүхэд төрүүлээгүй байна. Орчин үеийн түүхчид түүний өндгөвчнийх нь уйланхай хэт томорсоноос жирэмсэн мэт харагддаг байсан гэж тодорхойлсон байна.
Энэхүү өвчин нь ч Мэригийн үхлийн шалтгаан байж магадгүй бөгөөд Мэри Тудор 1558 оны 11 сарын 17 нд насан өөд болж Элизабет Английн хатан хаанаар өргөмжлөгдсөн бөгөөд түүний хаан ширээний үеийг Английн Алтан цаг үе гэж нэрлэдэг билээ.