Thursday, December 13, 2012

Сонголт хийх боломж


Надаас хэн ч хэзээ ч “чи жаргал зовлонгийн алийг нь сонгож авах вэ?” гэж асууж байгаагүйтэй адил манай жишээний хүнээс ч асуугаагүй.
Хүн эхийн хэвлийд биеийг олсон мөчөөс харьцангуй бие даах хүртэл нь түүний өмнөөс ээж аав, гэр бүлийнхэн нь сонголт хийчихнэ. Ойрын хүмүүсийн нь аж төрөх дадал зуршил шинэ хүний хувьд сонголтгүй сонголт болдог учир хүн бүхэн зөвхөн өөрийнхөө төлөө төдийгүй үр удмынхаа өмнө хариуцлага хүлээдгээ ухамсарлууштай.
            Эрт дээр үед хүний амьдралын хэв маяг жам ёсны зөв бөгөөд байгалтайгаа зохицож чадаж байсан үеийн хүүхэд төрсөн цагаасаа үхэх хүртлээ зөв дадал зуршлын эрүүл үр дүнгээрээ энэ буухиаг цааш өртөөлөн дамжуулдаг байсан учир сонголтууд зөв үргэлжилдэг байжээ.
Гэтэл одоо байдал их өөр.

Хүний оролцоогүйгээр Байгал Эхийн бүтээсэн амьд бүтэн хүнсээ эрүүл мэндэд ашиггүй үхмэл болтол  зугаа цэнгэлийн хэрэгсэл болгож чадсан нь мэдрэхүйн зургаан эрхтнээр дамжуулан мэдэрдэг “сайхан” гэгддэг таашаалд автсан түүх юм.

                                     


Зовлонгийн нэг шалтгаан шуналд өөрийгөө бат бэхээр хүлж баглаж чадсан явдал.

Эхийн хэвлийд байхдаа буруу сонголтод тулгагдсан хүн маань тэр л гэр бүлийн гишүүн болж мэндлэх тул өнөөх буруу зуршлын дунд буруу зөвийн тухай бодох боломжгүй өсөх нь гарцаагүй.

Цэцэрлэг, сургуулиар дамжин өсөхдөө ч мөн л тийм дадал зуршилтай орчинд.
Тиймээс одоо цагийн хүний хувьд ямар нэгэн байдлаар бие даан багахан ч болов шийдвэр гаргах чадвартай болсон цагаас сонголт хийх боломж, эрх чөлөө гарч ирдэг.
Аравхан жилийн өмнө зохимжтой хооллох – эрүүл байх хоёрын хамаарлыг хайхрах хүн тун ховор байсан бол одоо байдал тун хурдан сайжирч байна. Арга ч үгүй юм. Дэлхий даяар энэ хандлага 50 гаруй жилийн өмнөөс эхлэн аажмаар хүчээ авч байгаа нь ямар буруу замаар будаа тээж явсныхаа учрыг олж эхэлсэнтэй холбоотой. Байгалдаа тэрсэлж, жам ёсны байраа мэдэхгүй дураар дургивал мөхөх юм байна гэдгийг оюун ухаантайн хүчинд ойлгосон хэрэг. Ойлгохгүй байхын аргагүй зүй бус байдал нүүрлээд, бодож сэдсэн арга бүхэн нь үгүйсгэгдээд байхад ёстой л нөгөө цаг нь болно гэгчээр орой руу нь үнэн юм орохоос биш яах билээ?
Ертөнцийн жам ёсыг дагахгүй бол мөхөх аюул бодитойгоор нүүрлээд байхад!

Бидний жишээ болгон аваад байгаа өвчтэй хүн маань зовлонтой байгаа учир түүнээсээ салахыг маш ихээр хүсдэг нь мэдээж.
Тэр хүнд сонголт хийх боломж байхад, хийх юмыг нь зааж өгөөд, зөвлөөд байхад яагаад хүлээж авахгүй байна вэ?


Үр тарих, түүний жимсийг хураах тухай тайван, ул суурьтай эргэцүүлэхгүй байна. Өөрийнх нь ажил мэргэжлээс хол юм чинь энэ тухай бодож суух завгүй, бас гүн ухаан  судлаач биш гэх мэт шалтаг олж өөрийгөө зөвтгөдөг.
Хүүхдэд багаас нь энэ тухай сэтгэлийн боловсрол олгодоггүй, дээр нь эцэг эх нь үлгэрлэж чаддаггүйн гай.
Буруу үйлээс зовлон үүсдгийг зөвшөөрч чадах атлаа ухаан орсон цагаас хийсэн үйл, түүний дотор иддэг ажлаа буруу гэх нь санаанд нь огт багтахгүй. Тэр ч байтугай зөв, буруугийн тухай бодож ч чадахгүй. Маш хүчтэй хамгаалалттай, нэвтрэх байтугай ойртох аргагүй бүсэд, өөрөөр хэлбэл зөв гэдэг төөрөгдөл дотор оршдог дадал зуршил юм.

Яагаад зөв гэж боддог вэ?

Б.Гэрэлмаа "Хоол ба Сэтгэл номноос"


Wednesday, December 12, 2012

Сонголтын тухай


Аливаа юм хоёр талтай. Амьдралын тухайд – жаргал, зовлон. Эндээс хэн ч зовлонг санаатайгаар сонгодоггүй. Гэтэл яагаад зовдог вэ? Зовж байна гэж боддог вэ?

Хүн өөрөө л өөрийнхөө зовлон жаргалын шалтгаан гэдгийг  оюун ухаанаараа хүлээн зөвшөөрөхөд тийм ч хэцүү биш.Яг амьдралын өдөр тутмын дадал зуршил дээр ирэхэд байдал өөрөөр эргэдэг.Судаснууд нь хатуураад, цусны даралт нь ихсэн амьсгааддаг болж, 30 кг илүү жинтэй тарган, дээр нь элэг, цөс муу, бөөр нь бас өвддөг тун их зовиуртай нэгэн хүнийг жишээ болгоё.
Энэ хүн толинд өөрийгөө харах тоолондоо хурдан хөгширч байгаагаа анзаарна. Цагаан үс илт олширч, нөсөө сэвх нэмэгдэж, шарангуй туяатай арьс нь улам хуурайшин үрчийх нь сэтгэлийг нь гонсойлгох.

Тэрээр эм, эмчилгээнээс салж чаддаггүй ч байдал нэг их дээрдэхгүй. Судасны хагалгаа хийлгэхгүй бол тавилан муу гэх.
Ийм дүр зураг одоо хаана ч маш түгээмэл.
Энэ хүн ийм зовлонт байдлыг санаатай сонгоогүй.
Харин олон жилийн турш юу хийж, яаж амьдарсныг нь үзвэл, санаанд нь таарах юм ховорхон учир дандаа адгаж цухалддаг, санаа тавьж түгшихгүй асуудал байхгүй, бүгдийн өмнөөс зовсон амьтан, цагаан гурилан боов боорцог, элдэв амттанд нугасгүй дуртай, өтгөн кофе, тарган махгүйгээр амьдралыг төсөөлдөггүй, кола ундаанаас салахгүй, давс, чихрийн эрлэг, өлөн хоосон ч явна, гэдийж цүндийтлээ ч чихнэ. Ганцхан олдох амьдрал, олохыг олно, хүний иддэгийг идэж, өмсдгийг өмсөнө гээд л зүтгэнэ.
Давс, чихэр, өөх тосоо багасга, хар бор гурил, хивэг ид, хийжүүлсэн ундаа бүү уу, сайн ус уу, цагаан идээ ид, хөдөлж яв гэх мэтээр эмч нар зөвлөөд ч нэмэргүй, зурагтаар ярихыг үзэхгүй, ном хэвлэлийг бүр ч авч хэлэлцэхгүй. Эрүүл аж төрдөг гэх хүмүүсийг үнэнээсээ шоолно, өрөвдөнө, гаж юм гэнэ.
Хүн шиг идэж байгаад үхнэ, олигтойхон эмчилж үйлчилж чадахгүй байж хүний эрх чөлөөнд халдлаа, яасан үнэтэй эм тариа, оношлогоов, хүний зовлонгоор бизнес хийгээд гэх мэтээр бачимдана. Амьсгал нь улам л боогдоно.
Энэ зовлонт хүн яагаад ийм байдалтай байна вэ?
Хариулт:
Сонголт хийж чадахгүйгээс болжээ.

Зовоод байна гэдэг нь түүний үрийг л өөрөө байнга тарьж байгааг нь нотолдог. Өөрөөр хэлбэл өдөр тутам өөрийнх нь хийж байгаа үйл зовлонгийнх нь шалтгаан болоод байгааг амьдрал өөрт нь бодитойгоор мэдрүүлээд байхад огт ухаарахгүй, буруутныг зөвхөн гаднаас хайж, гэмийг бусдад тохож, өөрийгөө хохирогчоор төсөөлдөг. Ийм байхад байдал сайжрах боломж огт байхгүй.

Б.Гэрэлмаа "Хоол ба Сэтгэл номноос"....