Tuesday, July 2, 2013

Йогийн хүч part3

Тайван амгалан бас чимээгүй

Дотоод сэтгэлээ сонсож өөрийн доторх тайван, амгаланг олохуй

Чимээгүй орчинд ганцаараа өөрийн дотоод сэтгэлээ хэсэг хугацаанд сонсоод нэг үздээ. Санаа зовсон, түгшүүртэй мэдрэмж их байна уу? Тэгвэл  Йогоор хичээллэж өөрийгөө эмчлэх цаг болжээ гэсэн үг.
Одоогийн бидний амьдарч байгаа нийгмийн амьдралын хэв маяг нь цагт баригдсан, үргэлж яарсан, мөн санаа зовоосон асуудал ихтэй байдаг нь яах аргагүй үнэн. Үүнийгээ дагаад ч бид маш мэдрэмтгий, цочромтгой, огцом уур  уцаартай болж энэ нь ч бараг хэвийн үзэгдэл мэт болсон байна. Харин энэхүү амьдралын хэв маяг нь стресс ихтэй бөгөөд бидний биеийн болоод сэтгэл санааны эрүүл мэндэд маш хортой юм. Машины жолоодлоготой зүйрлэвэл бидний амьдрал үргэлж тавдугаар араагаар л жирийгээд байна гэсэн үг.  Йог судлаачид, багш нар чимээгүй Йог буюу дуугүй бясалгалыг Пранаяма Йогийн хамт санал болгодог. Эдгээр нь өөрийн дотоод ертөнцөөр аялаж, дотоод амар амгаланг нээж олоход оршдог байна. Нам гүм орчинд чимээгүй бясалгаж дотоод дуу хоолойгоо тайванаар сонсох нь оюун ухаанаа цэгцлэж амар амгалан болгох бөгөөд жинхэнэ өөртэйгээ харилцах харилцааг бий болгодог байна.


Эрүүл байна гэдэг төгс гоо сайхан юм

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) хүний эрүүл мэндийг биеийн, сэтгэл санааны, хүрээлэн буй орчны, оюун санааны хувьд бүрэн эрүүл байхыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Анагаах ухаанд хүний биеийг хэсэгчлэн эмчилдэг бол эртний Өрнөдийн ухаанд тэр дундаа Йогийн судлалд хүний биеийг цогцоор эмчилэх нь зүйтэй гэж үздэг.
Биеийн тэнцвэрээ олох, уян хатан болох, эрүүлжихээс гадна дотоод сэтгэл амар амгалан болох, сэтгэл хөдлөлөө барьж сурах, мөн оюун санаа ч хүчтэй болдог.
Мөн бие махбодын  эрүүл мэндийн хувьд Йогийн дасгалууд нь шөрмөс, хий судас, булчин, мөн дотоод эрхтэнүүдийг  уламжлалт фитнесс дасгалуудаас ч илүү хөгжүүлж, сэргээх увидастай.

Булчингийн дутагдал болон ачаалал хурдан хугацаанд багасаж, судасны эргэлт, хоол боловсруулах эрхтэний тогтолцоо хурдан хугацаанд сайжирахаас гадна, Стресстэй холбоотой нойргүйдэл, ядарч сульдах, шөрмөс татах, тайван бус байх, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа муудах зэрэгт маш үр дүнтэй юм.


Тааламжтай өтлөхүй

Йог нь хүний биеийн хөгшрөх үйл явцад олон талаар сайнаар нөлөөлөх ид шидтэй. Бие физиологийн хувьд уян хатан байдлыг хөгжүүлж, цусны даралтыг бууруулж, нуруу, үе мөчөөр өвдөх зэрэг хууч өвчний зовиурыг багасгах, мөн ахимаг насанд элбэг тохиолддог зүрх судасны өвчин болоод цус харвах зэрэг өвчнүүдээс урьдчилан сэргийлдэг байна.  Йогоор хичээллэсэнээр их хөрөнгө заралгүйгээр, маш олон талын сайн үр дагаварыг амсана гэсэн үг байх нь.

Мөн Йог нь сэтгэл санааг хурцалж, илүү хүлцэнгүй болох, тэвчээртэй байх болоод ухамсарыг илүү хөгжүүлж өгдөг онцлогтой.  Уян хатан чанар, мөн эрч хүчтэй байдалыг нь хөгширсөн ч гэсэн дэмжсээр л байдаг. Хувь хүний хүлцэнгүй чанар, уучлах нигүүлсэнгүй сэтгэл нь улам гүнзгийрч хөгшрөх үйл явцыг удаашруулдаг байна.

 Йогийг дотоод сэтгэлээсээ мэдэрч эхлэсэнээр сайн нөлөө үзүүлж, магадгүй таныг эзэмдээд байсан муу зуршилууд Йогийн философитой зөрчилдөж эхлэдэг байна


Оддын гоо сайханы нууц

Өнөө үед Йог олон оддын амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Мадонна, Жули
а Робертс, Рики Мартин, Гвинет Пелтроу мөн Стинг нарыг дурьдаж болно. Дэвид Духовни Кундалины Йогоор хичээллэдэг бол Жулиа Луйс-Дрейфус Аштанга Йогоор хичээллэдэг юм байна. Жэйн Фонда өөрийн Йогийн дасгалын номыг гаргаж байсан бол Анжелина Жоли Томб Райдерийн гайхамшигт бие галбираа Йогоос олж авсан гэнэ шүү. Цаашлаад Секс Ин Де Сити”-ийн халуухан бүсгүйчүүд болох Сара Жессика Паркер, Кристин Дейвис нар Йогийн үнэнч фенүүд байхнээ.
 Хоррибл Боссес киноны жүжигчин одоо 42 настай жүжигчин Женнифер Анистон зохистой хооллолт болоод, тогтмол дасгал сургуулилтанд анхааралаа тавьдаг нэгэн билээ. Хэрэв ингэж чадахгүй бол цог, золбоо нь унтарчихдаг гэж ярьсан юм.
Женнифер Анистон: Би Йогоор хичээллэдэг, Йог бол маш чухал, би үнэхээр Йог хийх дуртай. Хэрэв би үүнийг хийхгүй бол цог золбоо бүх л эрч хүч минь байхгүй болчихдог. Би Йогийн дасгалыг өдөрт 20 минут л хийдэг гэхдээ бие минь маш их хөлөрч, судасны эргэлт илт сайжирдаг
Хэдийгээр Женнифер нарийн хоолны дэглэм баримталдаггүй ч тодорхой хэмжээгээр зохистой хооллохыг эрмэлздэг гэж мөн ярьсан юм.


“ Би хөгширөхөөс огтхон ч айдаггүй учир нь би урьд урьдынхаас ч илүү эрч хүчийг мэдэрч байна. Би өөрийн бие галбиртаа маш сэтгэл хангалуун байна, ер нь хэн намайг хөгширсөн гэж байгаа юм? Би 20 оод насандаа өөртөө их сэтгэл дундуур байдаг байсан харин одоо бол хамаагүй өөртөө итгэлтэй болсоон” гэж Йогийн үр дүнгийнхээ талаар хуваалцсан юм.

 2011 онд Фитнесс сэтгүүл болон Яхоо ОМЖ! Нараас хамтран явуулсан 40 өөс дээш насны хамгийн сайхан биетэй эмэгтэй оддын нэгдүгээрт Женнифер бичигджээ. Анистон 2009 онд өөрийн найз мөн Йогийн дасгалжуулагч Мэнди Ингбергтэй хамтран “Йогалософи нэртэй Йогийн ДВД-гээ гаргаж байсан бөгөөд танилцуулгатаа “ Йог зөвхөн миний бие галбир, эрүүл мэндийг өөрчлөөд зогсоогүй миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөөн,  та бүхэн ч гэсэн хичээж хийцгээгээрэй тэр хэмжээгээр үр дүнгээ өгөх болноо” гэсэн байдаг. Дашрамд дурьдхад 40 өөс дээш настай хамгийн сайхан биетэй эрэгтэй оддын жагсаалтыг жүжигчин Бред Питт тэргүүлсэн бөгөөд Бред ч мөн Йогоор хичээллэдэг юм.


Орчуулсан А. Уянга  2013.07.02 



Sunday, January 20, 2013





Фернандо

Бөмбөрийн дуун сонсдож байна уу Фернандо
Тэртээх жилийн яг л энэ үдшийнх шиг
Тэнгэрийн одод яралзан түгсэн тэр л шөнийг санаж байна би
Улалзан дүрэлзэх түүдгийн дэргэд Фернандо
Уянгат гитараа тоглон
Зөвхөн  өөртөө намуухан дуулж байхад чинь
Алсын алсаас бөмбөрийн цохилт
Аялгуулан дуудах бүрээн дууг сонссоон би

Харин одоо хавьгүй ойр сонсдож байна Фернандо
Мөч бүрийг мөнхийн юм шиг санаж байсансан
Мөнхүү бас айдас төрж байсансан Фернандо
Амьдралын босгон дээр цэл залуухнаараа зогссон тэр агшинд
Аймшигт үхлийн өмнө хэн маань ч бэлэн байгаагүй
Нүрэглэн дуугарах буун дуунд сэтгэл цочирдон
Нулимас дуслуулах дөхсөнөө хэнд ч хэлэхээс нэрэлхээгүй

Дахилт:
Тэнгэрийн одод дэндүү тодхон гялалзсан
Тэр үдэш огторгуйд ямархан зүйл байсан юм бол Фернандо
Ямартаа ч одод эгээ л бидний төлөө, эрх чөлөөний төлөө
Харамгүй цацарч байсан
Дийлэгдэнээ гэж  даан ч бодож байгаагүй
Түүндээ бас харамсаагүй
Ахин ийм мөч ирвэл
Анд минь хэзээ ч бэлэн шүү Фернандо

Одоо бидний нас ахиж үсэнд буурал суужээ Фернандо
 Олоон жил гарт чинь зэвсэг байхыг харсангүй
Эрээн бөмбөрийн цохилт сонсдож байна уу Фернандо
Рио Гранд дахь аймшигт шөнийг
Одоо ч санадаг уу Фернандо
Энэ л нутгийг чөлөөлхийн төлөө
Эцэсгүй тэмцэж байсанаараа
Хичнээн их бахархаж байсаныг чинь
Харцнаас чинь би олж харсаан

Дахилт:
Тэнгэрийн одод дэндүү тодхон гялалзсан
Тэр үдэш огторгуйд ямархан зүйл байсан юм бол Фернандо
Ямартаа ч одод эгээ л бидний төлөө, эрх чөлөөний төлөө
Харамгүй цацарч байсан
Дийлэгдэнээ гэж  даан ч бодож байгаагүй
Түүндээ бас харамсаагүй
Ахин ийм мөч ирвэл
Анд минь хэзээ ч бэлэн шүү Фернандо

Орчуулсан А.Уянга 2012.01.21



Thursday, December 13, 2012

Сонголт хийх боломж


Надаас хэн ч хэзээ ч “чи жаргал зовлонгийн алийг нь сонгож авах вэ?” гэж асууж байгаагүйтэй адил манай жишээний хүнээс ч асуугаагүй.
Хүн эхийн хэвлийд биеийг олсон мөчөөс харьцангуй бие даах хүртэл нь түүний өмнөөс ээж аав, гэр бүлийнхэн нь сонголт хийчихнэ. Ойрын хүмүүсийн нь аж төрөх дадал зуршил шинэ хүний хувьд сонголтгүй сонголт болдог учир хүн бүхэн зөвхөн өөрийнхөө төлөө төдийгүй үр удмынхаа өмнө хариуцлага хүлээдгээ ухамсарлууштай.
            Эрт дээр үед хүний амьдралын хэв маяг жам ёсны зөв бөгөөд байгалтайгаа зохицож чадаж байсан үеийн хүүхэд төрсөн цагаасаа үхэх хүртлээ зөв дадал зуршлын эрүүл үр дүнгээрээ энэ буухиаг цааш өртөөлөн дамжуулдаг байсан учир сонголтууд зөв үргэлжилдэг байжээ.
Гэтэл одоо байдал их өөр.

Хүний оролцоогүйгээр Байгал Эхийн бүтээсэн амьд бүтэн хүнсээ эрүүл мэндэд ашиггүй үхмэл болтол  зугаа цэнгэлийн хэрэгсэл болгож чадсан нь мэдрэхүйн зургаан эрхтнээр дамжуулан мэдэрдэг “сайхан” гэгддэг таашаалд автсан түүх юм.

                                     


Зовлонгийн нэг шалтгаан шуналд өөрийгөө бат бэхээр хүлж баглаж чадсан явдал.

Эхийн хэвлийд байхдаа буруу сонголтод тулгагдсан хүн маань тэр л гэр бүлийн гишүүн болж мэндлэх тул өнөөх буруу зуршлын дунд буруу зөвийн тухай бодох боломжгүй өсөх нь гарцаагүй.

Цэцэрлэг, сургуулиар дамжин өсөхдөө ч мөн л тийм дадал зуршилтай орчинд.
Тиймээс одоо цагийн хүний хувьд ямар нэгэн байдлаар бие даан багахан ч болов шийдвэр гаргах чадвартай болсон цагаас сонголт хийх боломж, эрх чөлөө гарч ирдэг.
Аравхан жилийн өмнө зохимжтой хооллох – эрүүл байх хоёрын хамаарлыг хайхрах хүн тун ховор байсан бол одоо байдал тун хурдан сайжирч байна. Арга ч үгүй юм. Дэлхий даяар энэ хандлага 50 гаруй жилийн өмнөөс эхлэн аажмаар хүчээ авч байгаа нь ямар буруу замаар будаа тээж явсныхаа учрыг олж эхэлсэнтэй холбоотой. Байгалдаа тэрсэлж, жам ёсны байраа мэдэхгүй дураар дургивал мөхөх юм байна гэдгийг оюун ухаантайн хүчинд ойлгосон хэрэг. Ойлгохгүй байхын аргагүй зүй бус байдал нүүрлээд, бодож сэдсэн арга бүхэн нь үгүйсгэгдээд байхад ёстой л нөгөө цаг нь болно гэгчээр орой руу нь үнэн юм орохоос биш яах билээ?
Ертөнцийн жам ёсыг дагахгүй бол мөхөх аюул бодитойгоор нүүрлээд байхад!

Бидний жишээ болгон аваад байгаа өвчтэй хүн маань зовлонтой байгаа учир түүнээсээ салахыг маш ихээр хүсдэг нь мэдээж.
Тэр хүнд сонголт хийх боломж байхад, хийх юмыг нь зааж өгөөд, зөвлөөд байхад яагаад хүлээж авахгүй байна вэ?


Үр тарих, түүний жимсийг хураах тухай тайван, ул суурьтай эргэцүүлэхгүй байна. Өөрийнх нь ажил мэргэжлээс хол юм чинь энэ тухай бодож суух завгүй, бас гүн ухаан  судлаач биш гэх мэт шалтаг олж өөрийгөө зөвтгөдөг.
Хүүхдэд багаас нь энэ тухай сэтгэлийн боловсрол олгодоггүй, дээр нь эцэг эх нь үлгэрлэж чаддаггүйн гай.
Буруу үйлээс зовлон үүсдгийг зөвшөөрч чадах атлаа ухаан орсон цагаас хийсэн үйл, түүний дотор иддэг ажлаа буруу гэх нь санаанд нь огт багтахгүй. Тэр ч байтугай зөв, буруугийн тухай бодож ч чадахгүй. Маш хүчтэй хамгаалалттай, нэвтрэх байтугай ойртох аргагүй бүсэд, өөрөөр хэлбэл зөв гэдэг төөрөгдөл дотор оршдог дадал зуршил юм.

Яагаад зөв гэж боддог вэ?

Б.Гэрэлмаа "Хоол ба Сэтгэл номноос"


Wednesday, December 12, 2012

Сонголтын тухай


Аливаа юм хоёр талтай. Амьдралын тухайд – жаргал, зовлон. Эндээс хэн ч зовлонг санаатайгаар сонгодоггүй. Гэтэл яагаад зовдог вэ? Зовж байна гэж боддог вэ?

Хүн өөрөө л өөрийнхөө зовлон жаргалын шалтгаан гэдгийг  оюун ухаанаараа хүлээн зөвшөөрөхөд тийм ч хэцүү биш.Яг амьдралын өдөр тутмын дадал зуршил дээр ирэхэд байдал өөрөөр эргэдэг.Судаснууд нь хатуураад, цусны даралт нь ихсэн амьсгааддаг болж, 30 кг илүү жинтэй тарган, дээр нь элэг, цөс муу, бөөр нь бас өвддөг тун их зовиуртай нэгэн хүнийг жишээ болгоё.
Энэ хүн толинд өөрийгөө харах тоолондоо хурдан хөгширч байгаагаа анзаарна. Цагаан үс илт олширч, нөсөө сэвх нэмэгдэж, шарангуй туяатай арьс нь улам хуурайшин үрчийх нь сэтгэлийг нь гонсойлгох.

Тэрээр эм, эмчилгээнээс салж чаддаггүй ч байдал нэг их дээрдэхгүй. Судасны хагалгаа хийлгэхгүй бол тавилан муу гэх.
Ийм дүр зураг одоо хаана ч маш түгээмэл.
Энэ хүн ийм зовлонт байдлыг санаатай сонгоогүй.
Харин олон жилийн турш юу хийж, яаж амьдарсныг нь үзвэл, санаанд нь таарах юм ховорхон учир дандаа адгаж цухалддаг, санаа тавьж түгшихгүй асуудал байхгүй, бүгдийн өмнөөс зовсон амьтан, цагаан гурилан боов боорцог, элдэв амттанд нугасгүй дуртай, өтгөн кофе, тарган махгүйгээр амьдралыг төсөөлдөггүй, кола ундаанаас салахгүй, давс, чихрийн эрлэг, өлөн хоосон ч явна, гэдийж цүндийтлээ ч чихнэ. Ганцхан олдох амьдрал, олохыг олно, хүний иддэгийг идэж, өмсдгийг өмсөнө гээд л зүтгэнэ.
Давс, чихэр, өөх тосоо багасга, хар бор гурил, хивэг ид, хийжүүлсэн ундаа бүү уу, сайн ус уу, цагаан идээ ид, хөдөлж яв гэх мэтээр эмч нар зөвлөөд ч нэмэргүй, зурагтаар ярихыг үзэхгүй, ном хэвлэлийг бүр ч авч хэлэлцэхгүй. Эрүүл аж төрдөг гэх хүмүүсийг үнэнээсээ шоолно, өрөвдөнө, гаж юм гэнэ.
Хүн шиг идэж байгаад үхнэ, олигтойхон эмчилж үйлчилж чадахгүй байж хүний эрх чөлөөнд халдлаа, яасан үнэтэй эм тариа, оношлогоов, хүний зовлонгоор бизнес хийгээд гэх мэтээр бачимдана. Амьсгал нь улам л боогдоно.
Энэ зовлонт хүн яагаад ийм байдалтай байна вэ?
Хариулт:
Сонголт хийж чадахгүйгээс болжээ.

Зовоод байна гэдэг нь түүний үрийг л өөрөө байнга тарьж байгааг нь нотолдог. Өөрөөр хэлбэл өдөр тутам өөрийнх нь хийж байгаа үйл зовлонгийнх нь шалтгаан болоод байгааг амьдрал өөрт нь бодитойгоор мэдрүүлээд байхад огт ухаарахгүй, буруутныг зөвхөн гаднаас хайж, гэмийг бусдад тохож, өөрийгөө хохирогчоор төсөөлдөг. Ийм байхад байдал сайжрах боломж огт байхгүй.

Б.Гэрэлмаа "Хоол ба Сэтгэл номноос"....


Wednesday, November 7, 2012

Аз жаргалтай төгсгөл




Үсний чинь цаана нуугдсан гунигтайхан харц чинь
Үнэндээ уйлж байгааг чинь мэдрүүлэхэд сэтгэл минь шаналав
 Өнгөрсөн бүхнийг дурсахаа болъё хайрт минь
 Өөр хэн ч биш
 Өнөөдөр  ганцхан чи л минийх шүү

        Ганцаардлаа нуун өнгөцхөн инээмсэглэх чамаасаа
        Гагцхүү би харцаа буруулж чадашгүй
        Өчигдөрийг биш, маргаашийг ч биш
        Өнгөрсөн бүхнийг чамд би буцааж чадашгүй
        Өнөөдөр л харин ганцхан чи минийх  

Анхлан бүжиж байсан тэр л гудамжнаа
Аяа бид өөрсдийнхөө өнөөдрийг хайж байсан тэр өдөр
Хийсвэр дурлал хоосон шохоорхол үүрд баяртай
Хэзээ ч харин чамайгаа би алдахгүй
Өнөөдөр харин чи ганцхан минийх

             Гараасаа хөтлөлцөн гүйж байсан  тэр л гудамжид
             Гагцхүү бид гэрэлт маргаашийн гэгээн мөрөөдлөөр дүүрч байж
             Хязгаар үгүй сэтгэлийн энэ л догдлол
             Хэзээ нэгэн цагт аз жаргалаар төгсөхийг мэдэрч байна
             Үүрд чамайгаа хайрлах болно гэж
             Үнэн сэтгэлээсээ одоо би хэлж чадна
             Өнөөдөр харин чи ганцхан минийх

            Орчуулсан А.Уянга 2012.11.06

Saturday, September 15, 2012

Beautiful





Цувран хөврөх өдрүүд дэндүү сайхан ч
Гэнэт,  цухал төрж амьсгал давчдана
Чухамхүү тэр л шаналал намайг эзэмдэхэд
Итгэл алдарч ичингүйрэл төрнө

Хэн нэгний хэлсэн үгэнд
Хэрхэвч би шантран мохохгүй
Хоосон үгсийг үл ойшоон
Ховорхон төрсөнөө бүр мэдэрдэг
Бүхий л зүйл минь сайхан болохоор
Бусдын яриа огтхон ч хамаагүй
Үл ойшоох сэтгэл байхад
Өнөөдөр чи намайг мохоохгүй

                 Гаж зантай гэж андууд чинь бодсон чинь
                 Ганцхан заяандаа гутарч гундсан ч
                 Бүхий л ертөнц хоосорсон мэт санагдах тэр л үед
                 Бүр их хичээгээрэй
                 Энэлэл шаналал чинь аяндаа эдгэнэ
                 Эвлүүлэлгүй зөнд нь орхи
           
Бүхий л зүйл чинь сайхан болохоор
Бусдын яриа огтхон ч хамаагүй
Үл ойшоох сэтгэл байхад
Өнөөдөр чи намайг мохоохгүй

            Бид юу ч хийсэн бай
Бид юу ч хэлсэн бай
Бид хаана ч явж байсан
Бид аялгуун доторх аялгуу билээ
Бид амьдралын сайханы алдаа билээ

Биднийг хаана ч байхад
Наран мөнхөд мандана
Орчлонгийн маргааш бид магадгүй
Огт өөрөөр сэрцгээнэ

Бүхий л зүйл минь сайхан болохоор
Бусдын яриа огтхон ч хамаагүй
Үл ойшоох сэтгэл байхад
Өнөөдөр чи намайг мохоохгүй

                                            Орчуулсан А.Уянга 2012.09.14

Wednesday, September 12, 2012

Can't take my eyes off you




Үнэн гэхэд итгэмгүй дэндүү сайхан чамаасаа
Үнэндээ би харцаа хоромхон ч салгаж чадашгүй нь
Яг л диваажинд очиж жаргал эдлэхтэй адил
Янагхан чамайгаа тэврэхийг даан ч ихээр хүснэ би
Ариухан хайр минь харин горь алдрахын цагт
Ахин наддаа ирсэнд бурханд талархаад баршгүй нь
Үнэн гэхэд итгэмгүй дэндүү сайхан чамаасаа
Үнэндээ би харцаа хоромхон ч салгаж чадашгүй нь

Юутай ч зүйрлэх аргагүй даанч сайхан чамайгаа
Яагаад ширтээд байгааг чи минь ойлгож уучлаач
Галтай харцны чинь дөлөнд
Өвдөг чичрэн догдолж  
Ганц ч үг хэлэх сөхөө надад байсангүй
Харин чи минь надтай яг адил
Хайрыг мэдэрч байвал
Үнэн гэж хэлээч
Өр зүрхнээсээ гуйж байна
Үнэн гэхэд итгэмгүй дэндүү сайхан чамаасаа
Үнэндээ би харцаа хоромхон ч салгаж чадашгүй нь

Дахилт: Хайртай гэж хэлэхэд
Хачин ихээр догдлоно
Харанхуй шөнийн зэврүүнд
Хань болооч чи минь

Хайртай гэж хэлэхэд минь
Харин чи минь итгээрэй
Өө сайхан хонгор чи минь шаналгаж бүү зовоогооч
Надтай хамт үлдээч
Насаараа хайрлахыг минь зөвшөөрөөч

                                           Орчуулсан А.Уянга 2012.09.10