Хүмүүс бидний сэтгэлд бурхан, буг хоёулаа зэрэгцэн оршдог гэнэм. Хүн бүхэний сэтгэлд орших бурханлиг чанарыг шунал хэмээх шулам саатуулж байдаг аж. Шунал бол зовлонгийн эх үндэс юм. Зовлонгийн гол шалтгаан нь харанхуй бүдүүлэг, тэнэг мунхаг, атаархуу, хомхой сэтгэл юм. Тэнэг мунхаг гэдэг бол үнэнийг үл мэдэгч харанхуй бүдүүлгийг хэлнэ. Таван махбод бүгд огторгуйн махбодод хурна, таван хор бүгд мунхаг сэтгэлд хурна хэмээжээ.
Бусдын сайн сайханыг хараад хий хоосон атаархахын оронд өөрийн бие сэтгэлээ засаж залруулах ёстойг тэр болгон бид ухаарахгүй байгаа нь мөнөөх мунхаг харанхуйгаас үүдэлтэй.
Уур хилэн гэдэг бол өөрийн санаанд таалагдаагүй зүйлийг хараад өөрийн дур хүсэлд таацуулан захирах гэсэн буруу сэтгэлд автсанаас үүсдэг. Тавдугаар ноён хутагт бээр " Хийсэн жаахан буянаа хэт нь магад барах дагаа" хэмээн айлдсан буй, мөн "Ус хэдий тунгалаг ч хөлдөхөөрөө мөс болдог, Ухаантан хэдий мэргэн ч уурлахаараа мунхаг болдог" хэмээжээ.
Бамбарын галаас хичнээн бамбар асаавч түүний гал буурахгүй. Түүний адил аз жаргалыг хичнээн хуваасан ч түүний ай сав бас дундрахгүй. Та бид ертөнцөд төрсөн нь үнэн, үхэх нь үнэн. Энэ хоёр үнэний дунд хүмүүний амьдралын мөн чанар гэж юу болохыг зөв ухаанаар мэдэрч сэтгэлээ номхруулж чадах аваас ГЭГЭЭРЭЛД хүрмой. Гэгээрэл гэдэг бол оюун сэтгэлийн чанадад хүрч, хүн дахин төрөх шиг ертөнц болоод амьдралыг өөрийнхөөрөө танин муу муухай бүхнээс дотор сэтгэлээсээ авч хаян, сайн сайхан зүйлийг сэтгэл дотороо ариун тансаг үнэрт цэцгийг ургуулах адил явдал юм.
Юм бүхэнд "би" гэж цээжээ дэлдэж, "минийх" гэж өмчирхөх нь хүмүүний тэнэг мулгуу сэтгэлийн эндүүрэл юм. "Надад хөвгүүн буй", хөрөнгө буй" хэмээн "нялхасууд" сэтгэмуй. Үнэн чанартаа өөрөө ч өөртөө үгүй атал хөвгүүн ба хөрөнгө хаана байхав хэмээн Дармапада сургаальд айлдсан билээ.
Тунгалаг ариун сэтгэлээр өгүүлэх буюу үйлдвээс
Туршдаа амгаланг олох нь
Тусах сүүдэр хагацаж үл болохчлон......хэмээн дээдсийн зарлигт айлджээ.
Зөвхөн жаргах цэнгэхийг урьтал болгодог, ухаан бодол нь хяналтгүй, хоол унд нь замбараагүй, залхуу хүнийг зулзган модыг ширүүн салхи ховх татан унагаахын адил сэтгэлийн шулам эзэлж авдаг ажээ. Харин сэтгэл оюунаа сайтар хянадаг, шудрага журамтай хүнийг салхи хадан уулыг илбээд өнгөхтэй адил хөдөлгөж дийлдэггүй байна.
Хэрцгий догшин амьтад ертөцөөр дүүрэн байдаг
Хэзээ ч тэд нарыг устгаж дийлэхгүй
Хилэн хорслын сэтгэлээ л дарж чадах аваас
Хэмлэлдэх дайсанаа дарсан мэт болюу
Өргөст дэлхийг ширээр бүрхэе гэвч
Өдий хэмжээний шир хаанаас олдох вэ?
Өөрийнхөө л гутлын улыг бөх ширлэх аваас
Өргөн дэлхийн өргөсийг бүтээсэнээс ялгаа юун.......
М.Шагдарсүрэн "Сэтгэл Гэгээрээсэй" номноос......
No comments:
Post a Comment