Thursday, December 13, 2012

Сонголт хийх боломж


Надаас хэн ч хэзээ ч “чи жаргал зовлонгийн алийг нь сонгож авах вэ?” гэж асууж байгаагүйтэй адил манай жишээний хүнээс ч асуугаагүй.
Хүн эхийн хэвлийд биеийг олсон мөчөөс харьцангуй бие даах хүртэл нь түүний өмнөөс ээж аав, гэр бүлийнхэн нь сонголт хийчихнэ. Ойрын хүмүүсийн нь аж төрөх дадал зуршил шинэ хүний хувьд сонголтгүй сонголт болдог учир хүн бүхэн зөвхөн өөрийнхөө төлөө төдийгүй үр удмынхаа өмнө хариуцлага хүлээдгээ ухамсарлууштай.
            Эрт дээр үед хүний амьдралын хэв маяг жам ёсны зөв бөгөөд байгалтайгаа зохицож чадаж байсан үеийн хүүхэд төрсөн цагаасаа үхэх хүртлээ зөв дадал зуршлын эрүүл үр дүнгээрээ энэ буухиаг цааш өртөөлөн дамжуулдаг байсан учир сонголтууд зөв үргэлжилдэг байжээ.
Гэтэл одоо байдал их өөр.

Хүний оролцоогүйгээр Байгал Эхийн бүтээсэн амьд бүтэн хүнсээ эрүүл мэндэд ашиггүй үхмэл болтол  зугаа цэнгэлийн хэрэгсэл болгож чадсан нь мэдрэхүйн зургаан эрхтнээр дамжуулан мэдэрдэг “сайхан” гэгддэг таашаалд автсан түүх юм.

                                     


Зовлонгийн нэг шалтгаан шуналд өөрийгөө бат бэхээр хүлж баглаж чадсан явдал.

Эхийн хэвлийд байхдаа буруу сонголтод тулгагдсан хүн маань тэр л гэр бүлийн гишүүн болж мэндлэх тул өнөөх буруу зуршлын дунд буруу зөвийн тухай бодох боломжгүй өсөх нь гарцаагүй.

Цэцэрлэг, сургуулиар дамжин өсөхдөө ч мөн л тийм дадал зуршилтай орчинд.
Тиймээс одоо цагийн хүний хувьд ямар нэгэн байдлаар бие даан багахан ч болов шийдвэр гаргах чадвартай болсон цагаас сонголт хийх боломж, эрх чөлөө гарч ирдэг.
Аравхан жилийн өмнө зохимжтой хооллох – эрүүл байх хоёрын хамаарлыг хайхрах хүн тун ховор байсан бол одоо байдал тун хурдан сайжирч байна. Арга ч үгүй юм. Дэлхий даяар энэ хандлага 50 гаруй жилийн өмнөөс эхлэн аажмаар хүчээ авч байгаа нь ямар буруу замаар будаа тээж явсныхаа учрыг олж эхэлсэнтэй холбоотой. Байгалдаа тэрсэлж, жам ёсны байраа мэдэхгүй дураар дургивал мөхөх юм байна гэдгийг оюун ухаантайн хүчинд ойлгосон хэрэг. Ойлгохгүй байхын аргагүй зүй бус байдал нүүрлээд, бодож сэдсэн арга бүхэн нь үгүйсгэгдээд байхад ёстой л нөгөө цаг нь болно гэгчээр орой руу нь үнэн юм орохоос биш яах билээ?
Ертөнцийн жам ёсыг дагахгүй бол мөхөх аюул бодитойгоор нүүрлээд байхад!

Бидний жишээ болгон аваад байгаа өвчтэй хүн маань зовлонтой байгаа учир түүнээсээ салахыг маш ихээр хүсдэг нь мэдээж.
Тэр хүнд сонголт хийх боломж байхад, хийх юмыг нь зааж өгөөд, зөвлөөд байхад яагаад хүлээж авахгүй байна вэ?


Үр тарих, түүний жимсийг хураах тухай тайван, ул суурьтай эргэцүүлэхгүй байна. Өөрийнх нь ажил мэргэжлээс хол юм чинь энэ тухай бодож суух завгүй, бас гүн ухаан  судлаач биш гэх мэт шалтаг олж өөрийгөө зөвтгөдөг.
Хүүхдэд багаас нь энэ тухай сэтгэлийн боловсрол олгодоггүй, дээр нь эцэг эх нь үлгэрлэж чаддаггүйн гай.
Буруу үйлээс зовлон үүсдгийг зөвшөөрч чадах атлаа ухаан орсон цагаас хийсэн үйл, түүний дотор иддэг ажлаа буруу гэх нь санаанд нь огт багтахгүй. Тэр ч байтугай зөв, буруугийн тухай бодож ч чадахгүй. Маш хүчтэй хамгаалалттай, нэвтрэх байтугай ойртох аргагүй бүсэд, өөрөөр хэлбэл зөв гэдэг төөрөгдөл дотор оршдог дадал зуршил юм.

Яагаад зөв гэж боддог вэ?

Б.Гэрэлмаа "Хоол ба Сэтгэл номноос"


Wednesday, December 12, 2012

Сонголтын тухай


Аливаа юм хоёр талтай. Амьдралын тухайд – жаргал, зовлон. Эндээс хэн ч зовлонг санаатайгаар сонгодоггүй. Гэтэл яагаад зовдог вэ? Зовж байна гэж боддог вэ?

Хүн өөрөө л өөрийнхөө зовлон жаргалын шалтгаан гэдгийг  оюун ухаанаараа хүлээн зөвшөөрөхөд тийм ч хэцүү биш.Яг амьдралын өдөр тутмын дадал зуршил дээр ирэхэд байдал өөрөөр эргэдэг.Судаснууд нь хатуураад, цусны даралт нь ихсэн амьсгааддаг болж, 30 кг илүү жинтэй тарган, дээр нь элэг, цөс муу, бөөр нь бас өвддөг тун их зовиуртай нэгэн хүнийг жишээ болгоё.
Энэ хүн толинд өөрийгөө харах тоолондоо хурдан хөгширч байгаагаа анзаарна. Цагаан үс илт олширч, нөсөө сэвх нэмэгдэж, шарангуй туяатай арьс нь улам хуурайшин үрчийх нь сэтгэлийг нь гонсойлгох.

Тэрээр эм, эмчилгээнээс салж чаддаггүй ч байдал нэг их дээрдэхгүй. Судасны хагалгаа хийлгэхгүй бол тавилан муу гэх.
Ийм дүр зураг одоо хаана ч маш түгээмэл.
Энэ хүн ийм зовлонт байдлыг санаатай сонгоогүй.
Харин олон жилийн турш юу хийж, яаж амьдарсныг нь үзвэл, санаанд нь таарах юм ховорхон учир дандаа адгаж цухалддаг, санаа тавьж түгшихгүй асуудал байхгүй, бүгдийн өмнөөс зовсон амьтан, цагаан гурилан боов боорцог, элдэв амттанд нугасгүй дуртай, өтгөн кофе, тарган махгүйгээр амьдралыг төсөөлдөггүй, кола ундаанаас салахгүй, давс, чихрийн эрлэг, өлөн хоосон ч явна, гэдийж цүндийтлээ ч чихнэ. Ганцхан олдох амьдрал, олохыг олно, хүний иддэгийг идэж, өмсдгийг өмсөнө гээд л зүтгэнэ.
Давс, чихэр, өөх тосоо багасга, хар бор гурил, хивэг ид, хийжүүлсэн ундаа бүү уу, сайн ус уу, цагаан идээ ид, хөдөлж яв гэх мэтээр эмч нар зөвлөөд ч нэмэргүй, зурагтаар ярихыг үзэхгүй, ном хэвлэлийг бүр ч авч хэлэлцэхгүй. Эрүүл аж төрдөг гэх хүмүүсийг үнэнээсээ шоолно, өрөвдөнө, гаж юм гэнэ.
Хүн шиг идэж байгаад үхнэ, олигтойхон эмчилж үйлчилж чадахгүй байж хүний эрх чөлөөнд халдлаа, яасан үнэтэй эм тариа, оношлогоов, хүний зовлонгоор бизнес хийгээд гэх мэтээр бачимдана. Амьсгал нь улам л боогдоно.
Энэ зовлонт хүн яагаад ийм байдалтай байна вэ?
Хариулт:
Сонголт хийж чадахгүйгээс болжээ.

Зовоод байна гэдэг нь түүний үрийг л өөрөө байнга тарьж байгааг нь нотолдог. Өөрөөр хэлбэл өдөр тутам өөрийнх нь хийж байгаа үйл зовлонгийнх нь шалтгаан болоод байгааг амьдрал өөрт нь бодитойгоор мэдрүүлээд байхад огт ухаарахгүй, буруутныг зөвхөн гаднаас хайж, гэмийг бусдад тохож, өөрийгөө хохирогчоор төсөөлдөг. Ийм байхад байдал сайжрах боломж огт байхгүй.

Б.Гэрэлмаа "Хоол ба Сэтгэл номноос"....


Wednesday, November 7, 2012

Аз жаргалтай төгсгөл




Үсний чинь цаана нуугдсан гунигтайхан харц чинь
Үнэндээ уйлж байгааг чинь мэдрүүлэхэд сэтгэл минь шаналав
 Өнгөрсөн бүхнийг дурсахаа болъё хайрт минь
 Өөр хэн ч биш
 Өнөөдөр  ганцхан чи л минийх шүү

        Ганцаардлаа нуун өнгөцхөн инээмсэглэх чамаасаа
        Гагцхүү би харцаа буруулж чадашгүй
        Өчигдөрийг биш, маргаашийг ч биш
        Өнгөрсөн бүхнийг чамд би буцааж чадашгүй
        Өнөөдөр л харин ганцхан чи минийх  

Анхлан бүжиж байсан тэр л гудамжнаа
Аяа бид өөрсдийнхөө өнөөдрийг хайж байсан тэр өдөр
Хийсвэр дурлал хоосон шохоорхол үүрд баяртай
Хэзээ ч харин чамайгаа би алдахгүй
Өнөөдөр харин чи ганцхан минийх

             Гараасаа хөтлөлцөн гүйж байсан  тэр л гудамжид
             Гагцхүү бид гэрэлт маргаашийн гэгээн мөрөөдлөөр дүүрч байж
             Хязгаар үгүй сэтгэлийн энэ л догдлол
             Хэзээ нэгэн цагт аз жаргалаар төгсөхийг мэдэрч байна
             Үүрд чамайгаа хайрлах болно гэж
             Үнэн сэтгэлээсээ одоо би хэлж чадна
             Өнөөдөр харин чи ганцхан минийх

            Орчуулсан А.Уянга 2012.11.06

Saturday, September 15, 2012

Beautiful





Цувран хөврөх өдрүүд дэндүү сайхан ч
Гэнэт,  цухал төрж амьсгал давчдана
Чухамхүү тэр л шаналал намайг эзэмдэхэд
Итгэл алдарч ичингүйрэл төрнө

Хэн нэгний хэлсэн үгэнд
Хэрхэвч би шантран мохохгүй
Хоосон үгсийг үл ойшоон
Ховорхон төрсөнөө бүр мэдэрдэг
Бүхий л зүйл минь сайхан болохоор
Бусдын яриа огтхон ч хамаагүй
Үл ойшоох сэтгэл байхад
Өнөөдөр чи намайг мохоохгүй

                 Гаж зантай гэж андууд чинь бодсон чинь
                 Ганцхан заяандаа гутарч гундсан ч
                 Бүхий л ертөнц хоосорсон мэт санагдах тэр л үед
                 Бүр их хичээгээрэй
                 Энэлэл шаналал чинь аяндаа эдгэнэ
                 Эвлүүлэлгүй зөнд нь орхи
           
Бүхий л зүйл чинь сайхан болохоор
Бусдын яриа огтхон ч хамаагүй
Үл ойшоох сэтгэл байхад
Өнөөдөр чи намайг мохоохгүй

            Бид юу ч хийсэн бай
Бид юу ч хэлсэн бай
Бид хаана ч явж байсан
Бид аялгуун доторх аялгуу билээ
Бид амьдралын сайханы алдаа билээ

Биднийг хаана ч байхад
Наран мөнхөд мандана
Орчлонгийн маргааш бид магадгүй
Огт өөрөөр сэрцгээнэ

Бүхий л зүйл минь сайхан болохоор
Бусдын яриа огтхон ч хамаагүй
Үл ойшоох сэтгэл байхад
Өнөөдөр чи намайг мохоохгүй

                                            Орчуулсан А.Уянга 2012.09.14

Wednesday, September 12, 2012

Can't take my eyes off you




Үнэн гэхэд итгэмгүй дэндүү сайхан чамаасаа
Үнэндээ би харцаа хоромхон ч салгаж чадашгүй нь
Яг л диваажинд очиж жаргал эдлэхтэй адил
Янагхан чамайгаа тэврэхийг даан ч ихээр хүснэ би
Ариухан хайр минь харин горь алдрахын цагт
Ахин наддаа ирсэнд бурханд талархаад баршгүй нь
Үнэн гэхэд итгэмгүй дэндүү сайхан чамаасаа
Үнэндээ би харцаа хоромхон ч салгаж чадашгүй нь

Юутай ч зүйрлэх аргагүй даанч сайхан чамайгаа
Яагаад ширтээд байгааг чи минь ойлгож уучлаач
Галтай харцны чинь дөлөнд
Өвдөг чичрэн догдолж  
Ганц ч үг хэлэх сөхөө надад байсангүй
Харин чи минь надтай яг адил
Хайрыг мэдэрч байвал
Үнэн гэж хэлээч
Өр зүрхнээсээ гуйж байна
Үнэн гэхэд итгэмгүй дэндүү сайхан чамаасаа
Үнэндээ би харцаа хоромхон ч салгаж чадашгүй нь

Дахилт: Хайртай гэж хэлэхэд
Хачин ихээр догдлоно
Харанхуй шөнийн зэврүүнд
Хань болооч чи минь

Хайртай гэж хэлэхэд минь
Харин чи минь итгээрэй
Өө сайхан хонгор чи минь шаналгаж бүү зовоогооч
Надтай хамт үлдээч
Насаараа хайрлахыг минь зөвшөөрөөч

                                           Орчуулсан А.Уянга 2012.09.10

Thursday, February 2, 2012

Art of Living

Йог гэдэг үг нь йуи гэдэг санскрит үгнээс гаралтай бөгөөд нэгдэх гэсэн утгыг илэрхийлдэг. Хувь хүний ухамсар, ертөнцийн дээд ухамсрын нэгдэл юм.
Хатха гэдэг үгийн‘ха’ нь нар, ‘тха’ нь сар гэсэн утгатай Санскрит үгний нийлбэр юм. ‘ха’ нь нарийн биен дэх наран суваг буюу нади бол ‘тха’ нь саран суваг буюу ида юм. Ийм болохоор ‘хатха’ нь ‘үр дүнтэй дасгал’ гэсэн утгатай.
Йогын дасгал нь биеийн бүхий л хэсгийг ястай холбогч булчинлаг эдүүдийг хүчирхэг, болгож, сунгаж, сэргээнэ. Байрлалдаа амран тайвшрах нь өөхийг шатааж, холестролын хэмжээг багасгадаг. Йогын амьсгал зүрхэнд илүү хүчилтөрөгчийг юүлж бүхий л эрхтэн системийг тэтгэдэг. Энэ амьсгал нь биен дэх хорыг багасгах ач тустай. Хүсээгүй стресс гадагшилж, амьдрах эрч хүч нэмэгддэг. Йогын хамгийн аугаа ашиг тус бол сэтгэлд нөлөөлдөг. Сэтгэлийн амар амгалан бол сэтгэл булаам зүйлээс илүү ихээр үнэ цэнэтэй гэдгийг бид бүгд мэднэ. Йогоор хичээллэх нь хүний биеийн гадаад төрхийг сайжруулдаг. Йогич хүний инээмсэглэл нүдний гал цог бол хамгаас том олох шагнал юм.
Йог нь сэтгэлийг энэ мөчид байлгаж, бодлын цэгцтэй байдлыг хөгжүүлж, сонор соргог болгодог. Сэтгэл амар амгалан болж, өдөр тутмын стресийг даван гарах чадвар суудаг.
Өнө эртний судар номонд амин сүнтэйгээ нэгдэн хүрэх маш олон арга бий. Үүнээс цөөхөн хэдийг дурдвал:
·         Гьяна Йог-Мэдлэгийн зам мөрөөр
·         Бхакти йог - Шударга үнэний тэнгэрлэг хайрын зам мөрөөр
·         Карма Йог-Чин сэтгэлээсээ буян хийхийн зам мөр
·         Хатха Йог Бие, сэтгэлийн сайн сайханд хүрэх чин эрмэлзэлээр
·         Бясалгалаар, Ража йогын зам мөрөөр
·         Кундалини Йог Прана энергийн* урсгалыг сэрээж удирдах дадлага зэргээр амин сүнстэйгээ оршино.
*Прана амин энерги нь амин гэсэн утгатай Санскрит үг. Амьдралыг тэтгэх амин эрч хүч нь ертөнцийн жам ёсны урсгалд байдаг.

Thursday, January 19, 2012

Someone Like you



Өөрийн амьдралын мөрийг аль хэдийн хөөн
Өөр хэн нэгэнтэй амьдралаа холбосоныг чинь дууллаа
Өгч чадаагүй бүхнийг минь гагцхүү тэр л гүйцээж
Хүсэж байсан мөрөөдөл чинь харин нэг биелжээ
 Хурц гэрэлээс эмээн ичингүйрч байгаа юм шиг
Хуучин амраг надаасаа юунд нүүр буруулав
Өчнөөн жил өнгөрөн одлоо ч
Өнгөрсөн бүхэнээ сэргээн дурсахыг чи хүссэнгүй юу

Хайрын гал бөхөж горь алдраагүй гэдгийг
Харцнаас минь олж харна гэж найдсан ч
Учиралын жаргалд умбасан чиний дэргэд
Урилгагүй зочин шиг байж би чадашгүй

Дахилт: Зүгээрдээ зүгээр хонгор минь
Зөнгөөрөө хэн нэгэнтэй учирах л болно би
Зүрх сэтгэлээсээ намайг мартахгүй гэсэнийг чинь дурсан
Зөвхөн сайныг чамд л би хүснэ
Буцаж ирэхгүй хайраа заримдаа нэхэн бодоход
Булгилах зүрх аяндаа нэхэл хатуу шаналдаг

Орчлон хорвоод хоёулахнаа төрсөн юм шиг бодогдож
Униарт зуны мананд төөрсөн юм шиг жаргасан
Он жилүүд яасан хурдан нисэн одоо вэ
Учирал бүхэнээ би яахин мартаж чадах вэ

Хайрын гал бөхөж горь алдраагүй гэдгийг
Харцнаас харцнаас минь олж харна гэж найдсан ч
Учиралын жаргалд умбасан чиний дэргэд
Урилгагүй зочин шиг байж би чадашгүй

Зүгээрдээ зүгээр хонгор минь
Зөнгөөрөө хэн нэгэнтэй учирах л болно би
Зүрх сэтгэлээсээ намайг мартахгүй гэсэнийг чинь дурсан
Зөвхөн сайныг чамд л би хүснэ
Буцаж ирэхгүй хайраа заримдаа нэхэн бодоход
Булгилах зүрх аяндаа нэхэл хатуу шаналдаг

 Нэхэл хатуу хорвоод нэг л олдсон учиралаа
Нэгэнт би дахин олж чадахгүй болохоор
Алдсан оносон бүхэнээ дурсамж болгон үлдээж
Амьдралын баяр гунигийг амталж явъядаа хайрт минь

Зүгээрдээ зүгээр хонгор минь
Зөнгөөрөө хэн нэгэнтэй учирах л болно би
Зүрх сэтгэлээсээ намайг мартахгүй гэсэнийг чинь дурсан
Зөвхөн сайныг чамд л би хүснэ
Буцаж ирэхгүй хайраа заримдаа нэхэн бодоход
Булгилах зүрх аяндаа нэхэл хатуу шаналдаг 


                                 Орчуулсан А.Уянга